Pages - Menu

Sunday, August 17, 2014

Шарнад цөөвөр

1. Хөхтөн 
1.3. Шарнад цөөвөр

Баг: Мах идэштэн

Овог: Чонынхон

Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устсан” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт, сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт.

Тархац, байршил нутаг: Монгол дах тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмын уулс, Хангай, Монгол алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. 1930 онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан. 1940-өөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд үзсэн гэсэн мэдээтэй. 1950 онд Монгол Алтайд устаж, Хөвсгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говь-Алтайн уулсаар ховор үзэгдэх болов. Сэгс Цагаан Богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсон байсныг нутгийн иргэд тухайн үед мэдээллэж байв. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон байсан нь Монголд байдгийг нотлох сүүлийн баримт юм. 1991 оны өвөл Тува Монголын хил орчимд улаан чоныг харсан хоёр тохиолдол бий. 1988 онд Монголын хил залгаа Тес-Хеймийн районд 4 улаан чоно 2 хонь барьсан, Цагаан толгойн Заставын оффицер Гаврилов улаан чоно харсан хэмээх баримтууд бичигдэв. Мөн 1995-1996 онд Байгалийн чанадын өмнөд бүс нутгаас 4 улаан чонын арьс бэлтгэсэн мэдээ бий. Харин түүнээс хойш цөөвөр чоныг үзсэн, олдсон бодитой мэдээ алга. Одоо зөвхөн Алтайн өвөр говьд Аж Богдын нуруунаас Тост уул хүртэл, ялангуяа Цагаан Богд орчим, Өмнөговь, Хөвсгөлийн уулсаар тохиолдож магадгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг.
Амьдралын онцлог: Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн, сүргээр явж, иддэг амьтнаа хоморголж барьдаг. Гөрөөсний сэг зэмд ирнэ. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийн иргэд нотолдог. Өмнөговийн Ноён оргилд агуйд үүрлэж, 2 бэлтрэг гаргасныг нутгийн иргэд олсон гэсэн мэдээ бий. 1, 2 дугаар сард отолж, 4 дүгээр сард бэлтрэглэсэн мэдээтэй.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгойн тухай мэдээ байхгүй. Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан нь ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж тэжээлийг нь булаасан зэргээс устаад байгаа дэлхий дээр ховордсон амьтан.

Хамгаалсан байдал: 1973 оноос хуулиар агнахыг хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт, олон улсын болон Монгол улсын Улаан номд оруулжээ. Тархаж байсан нилээд нутаг нь улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд орсон.

Хамгаалах арга хэмжээ: Монголд байршиж, түр шилжин ирж болзошгүй гэсэн нутагт судалгаа хийж, устсан эсэхийг үнэлэн тогтоох, сэргээн нутагшуулах эсэх асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт саналыг боловсруулах, удмын санг хадгалах арга хэмжээ авах.

No comments:

Post a Comment