1. Хөхтөн
1.16. Хавтгай тэмээ
1.16. Хавтгай тэмээ
Баг: Саарьтан
Овог: Тэмээнийхэн
Статус: Нэн ховор зүйл. Дэлхийн Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” гэж үнэлэгдсэн.
Таних шинж: Биеийн галбир гэрийн 2 бөхт тэмээтэй төстэй боловч бие гоолиг, бөх жижиг, шовгор, үргэлж босоо, хүзүү хөл нарийн урт, тавхай ялимгүй бага, гонзгойдуу, магнай ялимгүй өргөн хавтгай, хошуу шөмбөгөр, уруул нимгэн. Өрөвлөг, бөхний сагсаг, шил, өвдөгний зогдорын хялгас богино сийрэг, эм ноосны үс тачир, шингэн. Зүс гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан. Сүүл нарийн, цацаг үс улаавтар. Өвдөг, тойг, өвчүүний саарь зэрэг бараг мэдэгддэггүй ялгаатай. Бие 340 см, сүүл 55 см, хүзүү 74 см, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг.
Тархац, байршил нутаг: Хавтгай тэмээ Төв, Дунд Азийн говь цөлд түгээмэл дархацтай байжээ. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уул, түүний умард залгаа аараг толгодын дагуу тархдаг. Монгол дах хавтгай тэмээний үндсэн тархац нутаг Алтайн өвөр говь, Дархан цаазат газрын А хэсгийн 44.000 км2 нутгийн ихэнх хэсэгт буюу 30-35 км2 нутгийг бүрэн хамруулан байршдаг. Цөөн тохиолдлоор ихэвчлэн өвлийн улиралд цөөн тооны бодгалиуд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэрвэй сумын урд говиор тохиолдоно.
Амьдралын онцлог: Буурны ороо I-II сард орж, нэг буур 10-20 ингэ гаргана. Ингэ хээлээ 410-425 хоног тээж, III сарын эхнээс IV сарын дунд үе хүртэл ботголно. Орсон буур орооныхоо үед идээшлэхгүй гэдсээ татна. Ингэ булаг, шандаас алаг нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлээд 5-8 сард эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилжинэ. 3-4 настайдаа бэлгэ боловсорч үржилд орно. Жил өнжиж төллөнө. Ногооны сөл тасарсан үед баянбүрд, булаг шандны ойр бэлчээрлэж байгаад ногоо ургахаар алслана. 5-10 хоног өнжиж ус ууна. Зун харьцангуй сэрүүн салхитай өндөрлөг газар бараадна. 5-6 дугаар сард гуужна. Гэрийн тэмээтэй үржилд орно. Нэгдүгээр үеийн эрлийз бие галбир, авир төрхөөрөө хавтгайн шинжтэй байдаг. Ихэвчлэн заг, улаан бударгана, шармод, сухай, баглуур зэрэг сөөг, сөөгөнцөр ургамлаар хооллоно. Өвөл цас дагаж өдөр, зун өглөө оройн сэрүүнд бэлчээрлэдэг. Хаврын хүчтэй шуурганаар эрэг, ганга, мод сөөг нөмөрлөн хонон өнжин хэвтэнэ. Холч хараатай, үнэнч, соргог.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Хавтгай 1943 онд хамгийн цөөн 300, 1959-1960 онд 400-500, 1974 онд 900 орчим болжээ. 1975-1976 оны судалгаагаар 400, 1980-1982 онд 500-800 байв. 1982-1989 онд жил бүр нөөцийн үнэлгээ тогтоосноос үзэхэд 480-55 байв. 1993 оны байдлаар 320 болов. 2012 онд хийсэн тархац, биологийн нөөцийн үнэлгээгээр 800 гаруй тоо толгой гэж үнэлэгдэв. 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулснаас хойш популяцийн тархац, тоо толгойн хэмжээ тогтворжсон. Бэлчээр, задгай усыг хүн мал эзэгнэснээс болж идээшсэн нутгаа орхин дайждаг. Чоно ботгыг олноор нь хөнөөдөг. Орсон буур бие биеэ барих тохиолдол гардаг. Өөх, махыг нь ашиглах зорилгоор хулгайгаар агнадаг. Хавтгай тэмээ машинаас болж байршил нутгаасаа дүрвэн дайждаг.
Хамгаалсан байдал: Монголд 1930 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулийн нэн ховор амьтнаар хамааруулж, Монгол улсын улаан ном, Олон улсын Улаан номд оруулсан. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэсэн. Тархац нутгийг 1975 оноос дархан цаазтай газар болгосон. Их говийн дархан цаазат газарт \Баянтоорой\ хавтгай тэмээний гаршуулан тэжээсэн сүргийг бий болгосон.
Хамгаалах арга хэмжээ: Байршил нутагт задгай ус бий болгох, шинээр уст цэгүүд гаргах, хуучин уст цэгүүдийг сэргээх, ган, зудын үед нэмэлт тэжээл тавьж өгөх, өвчин эмгэгээс сэргийлэх, гэрийн тэмээтэй нийлүүлэхгүй байх, чонын тоо толгойг зохицуулах, хязгаарлах, зориудаар өсгөн үржүүлэх.
Havtgain tuhai delgerengui medeelel haigaad oldohgui yum Havtgai buuriig yu gej nereldegyum bol baga ch gesen medeelel oruulsand bayarllaa
ReplyDelete