Pages - Menu
▼
Saturday, August 23, 2014
Хүрэн баавгай
1. Хөхтөн
1.11. Хүрэн баавгай
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Статус: Ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” гэж үнэлэгдсэн.
Таних шинж: Биеийн урт 180-240 см, сэрвээ орчим өндөр 90-150 см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлийн урт 6-21 см. Бие гүйцсэн эр баавгай 140-400 кг, эм нь 100-210 кг жинтэй байдаг. Толгойн ясны кондилобазаль урт 258-378 мм. Хүрэн баавгайн үс урт, сахлаг, зөөлөн байдаг. Чих богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн байдаг. Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. Хүрэн баавгай хүчирхэг хумстай бөгөөд урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг, сүүл жижигхэн, бараг биеийн үснээс цухуйдаггүй.
Тархац, байршил нутаг: Монгол оронд газарзүйн хувьд салангид хүрэн баавгайн 4 популяци байдаг бөгөөд Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар тархжээ. Хүрэн баавгай өөрсдийн үндсэн тархац нутгаас 130-200 км хол зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог байна. Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод, намаг балчиг, ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс, буттай амрах газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газар байршдаг. Монгол Алтайд жижиг бут сөөгөн шугуйтай хадархаг газар тохиолдоно. Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг.
Амьдралын онцлог: Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 сараас 3 заримдаа 5 сар хүртэл ичнэ. Идэш тэжээл элбэгтэй жил 11 сарын сүүлээр ичнэ. Ичээ гол төлөв унанги мод ихтэй газарт, хадны завсар байна. Ороо нийллэг 6 дугаар сарын сүүлээс 7 дугаар сарын эхээр орно. Эвш хээлээ 180-220 орчим хоног тээж, ичээндээ байх үедээ 1, 2 сарын хооронд 1, голдуу ихэр, хааяа 4 хүртэл тооны бамбарууш гаргана. Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил өнжиж төллөнө. Хүрэн баавгай 5 насд хүрч үржилд орно. Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насална. Идэш тэжээл нь газрын гадарга, ургамлан бүрхэвч, тэдгээрийн чанараас шалтгаалах бөгөөд олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр харин зуны эхэн үед голчлон жимс жимсгэнэ, үр самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох бөгөөд үр жимс, самар, ургамлын үндэс иднэ. Монгол Алтайд хүрэн баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллоно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: ШУА-ын биологийн хүрээлэн \1986\ 50.000 км2 нутагт ойролцоогоор 500 орчим бодгаль хүрэн баавгай бий гэж тооцоолжээ. Тоо толгойд нөлөөлж байгаа байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл бага. Монголын ихэнх ойт бүс нутгийг хамарсан хэт хуурайшилт, гантай байсан 1988 оны үед Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт өлсгөлөн хорхойтсон баавгайтай учирсан 103 тохиолдол бүртгэгдэж, хот сууринд орж ирсэн 2 тохиолдлын нэг нь нийслэл Улаанбаатар хот байсан. Хорхойтсон 47 бодгаль баавгайг орон нутгийн хүмүүс агнасан бөгөөд бүгд маш туранхай, зарим нь дотор өөхгүй байсан ажээ. Сүүлийн жилүүдэд худалдаалах зорилгоор доньд, саврууг авахын тулд хууль бусаар агнах нь ихэссэн байна. Цаатан хүмүүс мах болон арьсыг ашиглах зорилгоор агнан ашигладаг. Устаж болзошгүй зүйл.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэсэн. Тархац нутгийн 21 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нутаг, биологи, экологи онцлогийг онцгойлон судалж, хамгаалах арга боловсруулах, байршил нутаг дах хүний дам нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, амьдрах орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалатанд авах, зах зээл дээрх баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, ган зудын гамшигт нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, удмын санг хадгалах.
No comments:
Post a Comment