Friday, May 30, 2014

Хурц хараат тас


 
2014 оны 03 сар
 

Газраас хоёр км өндөрт жигүүрээ дэлгэсэн нөмрөг тас агаарт элин халин хөвнө. Ингэж нисэх тас шувууг доороос ажиглаваас өчүүхэн цэг мэт үзэгдэх бөгөөд харин тас ийм өндрөөс өтгөн ногоон дундах үхсэн амьтны сэг зэмийг ялган харж чаддаг аж. Түүний хурц хараанаас хээр талын хэн ч үл зугтаж чадна.
Нэгэн үе тас шувуу үнэрлэх чадвараараа үхсэн амьтдын сэг зэмийг олдог гэж боддог байжээ. Үүнийг шалгахаар ил задгай газар үхсэн амьтан мэт харагдах чихмэл байрлуулан, үүнээс арван алхмын зайтай газар модны мөчрөөр далдалсан гулууз мах тавьжээ. Уг нь “үнэрч” тас өмхийрсөн махыг төвөггүй олох ёстой байлаа. Удалгүй чанх дээр эргэлдэн нисэх тас шувуу “тоглоомон” чихмэл дээр бууж, доторх сүрлийг нь хүү тарах мөртлөө хамар цоргин хурц үнэртэх хажуу дахь махыг ер анхаарсангүй. Тэгэхлээр тас үнэрлэх эрхтнээрээ биш, харин хараагаа ашиглан олзоо олдог байх нь.


Тас өндөрт нисдэг төдийгүй өндөрт нутагладаг шувуу юм. Мөн цавчим элгэн хад, өндөр хясаа даган үүрээ засна. Эверестийн уулс орчим 6970 метрийн өндөрт тас шувуу нисэж байхыг харсан гэдэг бөгөөд ийм өндөрт нисэж чаддаг учраас төвөдүүд энэ махчин шувууг “тэнгэрийн шувуу” хэмээн нэрийддэг аж. Тиймээс нас барсан дотны хүмүүсээ шувуунд зориулан хад асгатай уулын энгэрт ил задгай орхидог байжээ. Тэднийг тас шувуу тэнгэрийн оронд аваачдаг хэмээн нутгийн хүмүүс итгэдэг байна.
Испанийн сүрлэг ойгоос Солонгосын хойг хүртэл Евразийн өргөн уудам нутгаар тархсан тас шувуу далавчаа дэлгэхээр 3 метр хүрдэг агаад мөн хамгийн хүнд шувуу гэгддэг. Бүр жин нь 10 гаран кг хүрэх нь энүүхэнд. Сонирхолтой нь, эм тас эрээсээ ялигүй том биетэй. Мөн тархалтын хувьд баруунаас зүүн болох тусам бие нь үл ялиг томордог бөгөөд Европын тасаас Монголын тас 10 орчим хувиар лагс жинтэй байх жишээтэй.


Дэлхий даяар 14-20 мянган тас тоологдсон бөгөөд манай оронд нөмрөг тас, нохой тас гэсэн хоёр зүйл бий. Хэдийн тас үхсэн амьтны сэг зэмээр хооллох ч заримдаа шавж болон могойгоор хооллодог аж. Өндөр модны орой, цавчим элгэн хадан дээр зассан үүр нь өргөнөөрөө 1.4-2 метр, гүнээрээ 1-3 метр хүрэх нь бий. Дотор нь насанд хүрсэн том хүн зогсоогоороо багтчих гээд бодохоор үнэхээр сүрдмээр шувуу.
Харин өндөг нь 50-56 өдрийн дараа хагарна. Өндөгнүүдийн 90 хувь нь ангаахай болдог бөгөөд бие балчир ангаахайнуудын хагас нь нас бие гүйцэж том болдог байна. Эсэн мэнд бойждог энэ үзүүлэлтээрээ ч тас аваргалдаг. Хавар өндөгнөөсөө гарсан ангаахайнууд 6-7 сарын дараа бие гүйцэж, хараа цуцам хээр талыг өндрөөс ажиглан бие даан нисдэг аж. Тэд бидэнд цэг мэт харагдах ч, бид тэдний өмнө бүхнээ ил.

1 comment :

Хөгжүүлсэн:Батзаяа | - |