Friday, May 30, 2014


Борцгор хотон шувуу


 
 

Борцгор хотон бол Монгол орны “Улаан ном”-д орсон нэн ховор шувуу юм. Өнгөрсөн жил гэхэд Ховд аймгийн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрынхан хотон шувуу олноор нутагладаг Хар-Ус нуур орчмор тооллого хийхэд 62 борцгор хотон л тоологджээ. Тэдгээрийн 57 нь нас бие гүйцсэн шувуу, 5 нь дэгдээхий байв. Хотон шувууны тоо толгой буурахад хүмүүсийн нөлөө маш их байсан юм.
“1960-1970-аад оны үед Их нууруудын хотгорын загас ихтэй томоохон нууруудад хотон шувуу хэдэн зуугаараа нутаглаж байсан” (1) хэмээн Зэрлэг амьтан хамгаалах төвийн захирал, шувуу судлаач Б.Нямбаяр хэлсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ “Дэлхий дээр долоон зүйлийн хотон байхаас манайд борцгор хотон л байдаг. Борцгор хотон нь дэлхий дээрх хамгийн том уены шувууны нэг юм. Түүний далавчны дэлгэцийн урт 310-350 см, хошууны урт 37-45 см, биеийн жин 9.5-12 кг байдаг”(2) гэсэн юм.
Гэтэл, 2007 онд Хар-Ус нууранд ирж зусдаг 10 гаруй хотонгийн хоёрыг нь агнасан хэрэг гарчээ. Ингэхдээ шувууны их биеийг нүхэнд булж, толгойг нь тасдаад аваад явжээ. Учир нь хотон шувууны хошуун хусуур уяачдын гангараа болдог төдийгүй хурдан морины хутаг арилгадаг гэсэн дом байдаг аж. Шувуудыг агнасан хоёр залуу, хотонгийн хошууг мөнгө олох зорилгоор Хятад улс руу хил дамнуулан гаргах гэж байсан хэмээн мэдэгджээ.
Энэ мэт хурдан морины хусуур хийх нэрийдлээр хотон шувууг олноор агнадаг байж. Хэдэн жилийн өмнө Увс аймгийн нэгэн сумын наадамд гэхэд хотон шувууны хошуун хусууртай 100 гаруй уяач тоологджээ. Тэдгээр хусуур бүхэн нэг шувуу гэсэн үг. Ер нь хотон шувууны хошуун хусуур эдэлгээ сайтай хэмээн уяачдын дунд яригддаг аж. Зарим нь хагас зуун жил болж үр ач нартаа өвлөгдөх нь энүүхэнд.
Хоорондоо солилцож худалдаалах явдал ч цөөнгүй байдаг бололтой. “Хотонгийн хошуун хусуур зарна” гэсэн зар цахим хуудсанд бичээстэй байхыг хараад үнийг нь асуутал 3 сая гэж хариулсан. Алт, мөнгөөр чимэглэсэн нь 10 сая хүрэх тохиолдол ч байдаг аж.


Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал, шувуу судлаач С.Гомбобаатар “Борцгор хотон хэдий дэлхийд ховордож буй шувуу боловч устаж болзошгүй байдалд хараахан хүрээгүй. Гэтэл манайд өнөө маргаашгүй устах аюулд хүрээд байна” (3) гэсэн юм. Зүүн Европ болон Төв Азийн орнуудаар тархсан борцгор хотонгийн тоо толгой 6700-9300 байгаа ч Монгол оронд хэдхэн зуугаар л тоологдож байгаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Энэ шувуу манай баруун бүсийн Хар ус, Айраг, Увс зэрэг хэдхэн нууранд л амьдардаг. Мөн тэндээ үрждэг. 1990-ээд оноос өмнө Хар ус нууранд борцгор хотонгийн томоохон сүрэг үрждэг байсан. Гэтэл 1980-аад оны сүүлээр борцгор хотонгийн хошууг хурдан морины хусуур хийхийн тулд маш олноор нь буудаж алсан. Үүнээс улбаалаад хотон шувуу эрс цөөрсөн юм. Түүнчлэн хавар, намрын түймэр, загасны нөөц багассан, мал их бэлчих болсон зэрэг нь борцгор хотонгийн тоо толгойд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа. Сүүлийн хэдэн жил үржиж буй хос хотон шувуу олсон мэдээ нэг ч олдоогүй. Тэгэхээр манайд үржихээ больсон гэсэн үг. Энд тэнд ганц хоёроороо, дээд тал нь зургуулаа сүрэглэсэн хотон л үзэгдэх болсон” (4) гэсэн юм.


Шувуу судлаач Б.Нямбаяр “Хотон дөрвөн нас хүрч байж бие гүйцэж үржилд ордог. Хүний хөлөөс дайжин нутаглах газраа хайж явсаар байгаад хотонгийн өндөглөх хугацаа нь хойшлогддог. Үүнээсээ болж өндөглөлгүй өнжих ч тохиолдолтой. Хавар нүүж ирэнгүүтээ үржилд орж өндгөө сар гаруй хугацаанд л тээдэг. Ихэвчлэн тавдугаар сард үүрээ засч хоёр өндөг гаргаж, 35 орчим хоног дарж ангаахай болгоно. Хотон үржлийн үедээ их эмзэг үргэмтгий тул үүр, өндгөө голох тохиолдол элбэг гардаг юм байна. Ялангуяа шувууд өндгөө элгээрээ дарж бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед өндгөө бяцалж хагалах аюултай” (5) гэж ярьсан юм. 

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |