Sunday, August 17, 2014

1. Хөхтөн 
1.4. Цоохондой мий

Баг: Мах идэштэн

Овог: Мийнхэн

Статус: Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.



Таних шинж: Биеийн хэмжээ, галбир гэрийн мууртай төстэй. Бие 59 см, сүүл 34 см урт. Зоо нурууны дагуу өргөн бараан хүрэвтэр, биеийн хажуугийн цайвар бор, хөхөвтөр саарал дэвсгэр өнгөн дээр хөнгөн эгнэсэн бараан, бор, хүрэвтэр толбонуудтай. Хэвэл, мөчдийн дотор тал цайвар. Сүүлний үзүүр бараан, түүнээс дээш 4-5 тод бөгжилсөн бараан бүслүүртэй. Чихний үзүүрт 3 см шахам урт, бийр шиг цацаг үс бий.

Тархац, байршил нутаг: Африк, Энэтхэг, Төв Азийн цөл хээрийг хамарсан өргөн уудам нутагт тархана. Монголын цөл, цөлөрхөг хээрийн бүсэд тархацын зүүн хойд зах хамаарна. Шаргын говь, Захуйн баянбүрдээс олдож, Зүүн гарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговьд алаг цоог тархсан. Хармаг, зах, сухай зэрэг элсэн довцог, баянбүрд, булаг шанд, тойрмын захын заг, сухай, харгана, дэрс бүхий газар довцог, элс манхан, хадархаг дов толгод, уулын бэлийн сайрт амьдарна. Хааяагүй ховор тохиолдоно.

Амьдралын онцлог: 3 дугаар сарын дундуур бие гүйцсэн эмэгчний хээлэнд 5 мий байжээ. Элсэн дов, сондуул, заг, сухайн дор нүх малтаж үүрээ засна. Жижиг мэрэгч, шувуугаар хооллоно. Захуйн говьд цоохондой мий өвлийн идэш тэжээлийн 92 хүртэл хувийг ногтруу, тагтаа, согсоот болжмор, шороон алаг болжмор, оронгийн болон хээрийн бор шувуу зэргээр бүрдүүлдэг. Голдуу харуй бүрийгээр идэшлэнэ. Их нуугдамхай.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Монголд бага судлагдсан. Шар үнэг, хярс үнэг, шилүүс мий зэрэг амьтдад тавьсан хавханд орж агнуулна. Зөвхөн Захуйн говьд 1995-1997 онд 4-5 цоохондой анчидын хавханд орж үхсэн байна. Захуй, Зарман, Эхийн гол зэрэг хүн ам суурьшсан баян бүрдүүдийн орчмоор гэрийн мууртай эрлийзжих болсон нь удмын санг алдагдуулж болзошгүй. Цөл, хээрт идэш тэжээл ховор үед саарал чоно, бүргэд, хааяа нохойд бариулна. Нутгийн хүмүүс тохиолдлоор агнана.
Хамгаалсан байдал: 1996 оноос агнахыг хуулиар хориглосон. Монгол улсын Улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэж, тархац нутгийн нилээд хэсгийг Говийн их дархан цаазат газар хамруулав.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулж, тоо толгойг өсгөх, амьдрах орчныг

Xамгаалах арга хэмжээ авах. Монгол орны ховор амьтны жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмж бүртгэх, удмын санг хадгалах.

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |