Saturday, August 23, 2014

1. Хөхтөн
1.10. Эрээн хүрнэ

Баг: Махан идэштэн

Овог: Суусрынхан

Статус: Ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг хэмээн үнэлэгдсэн

.

Таних шинж: Бие 35 см, сүүл 20 см урт, жин 0.5 кг байдаг. Толгой жижиг, хоншоор богиновтор, мохоодуу. Чих том, угаараа өргөн, дэлбэгэрдүү дугуй. Мөчид богинохон, сүүл урт сагсгар. Зоо нуруу, биеийн хажуу халиун бор дэвсгэр дээр элдэв хэлбэрийн цайвар толбуудтай. Хүзүү халтар бараан, хэвэл бараан. Хоолойноос завж, нүдийг дайрсан өргөн бараан зураастай. Чахалзуураас нүд, чихний завсраар шургасан тууш, тод цагаан зураас бий. Уруул, эрүү чихний урд тал цагаан. Ерөнхий зүс эрээн.

Тархац, байршил нутаг: Зүүн өмнөд Кавказ, Казахстан, Дундад дорнод Ази, Баруун өмнө говь, Баруун өмнө Монгол, хойд Хятадын хээрийг хамарсан өргөн тархацтай. Монголд Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Алтайн өвөр говиуд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговийн өмнөд хэсгээр тархжээ. Заг, хармаг, сухай бүхий дов сондуулт хотгор, харгана, хялганат элсэрхэг хээр, заримдаа уулын бэлийн хадтай толгод, сайр, сархиа, задгай ус, баянбүрдийн ойролцоо элдэв мэрэгч, ялангуяа чичүүл, огдойн үлий элбэгтэй газар идээшин амьдарна.
Амьдралын онцлог: Монголд судлаагүй. Голдуу өглөө, үдэш, заримдаа өдөр гүйж элдэв мэрэгч, чичүүл, огдойгоор идэшлэнэ. Өмнөговийн зүүнсайхан уулын өвөр бэлээс 4 дүгээр сард барьсан бодгаль хул чичүүл, Увсын Тэс голын адгаас 11 дүгээр сард барьсан бодгаль үхэр огдой идсэн байв. Өмнөговийн Баяндалай сумын нутагт 5 дугаар сард элсэн довцогийн нүхэн үүрэнд 4 сөөдгий тохиолджээ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой, тархац мэрэгчдийн олон цөөнөөс шалтгаалан тогтворгүй. Тусгайлан агнадаггүй ч анчдын зүүсэн хавханд орж баригддаг. Хулгайгаар агнаснаас хааяагүй ховордож байна. Идэш тэжээлээр өмхий хүрнэ, үнэг, хярс, цагаан үентэй адилхан. Уул уурхайн ашиглалт, бэлчээрийн талхагдалт, цөлжилт, ган зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын Улаан ном \1987, 1997\, Монголын хөхтөн амьтны улаан дансанд оруулж, тархац нутгийн 19% нь улсын тусгай хамгаалалтанд хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулж хэрэгжүүлэх, удмын санг хамгаалах.

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |