Sunday, August 17, 2014

1. Хөхтөн 
1.2. Дорнын сармаахай

Баг: Сарьсандалавчтан

Овог: Багваахайхан

Статус: Ховор зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Дорнын сармаахай том биетэй, 14-25 гр, биеийн урт 67-75 мм, сүүл нь 40-50 мм, шууны урт 47-54 мм, урт нарийн далавчтай, дэлхэц 30-35 мм хүрдэг, унжир \эпиблем\ сайн хөгжсөн хөндлөн тэвхтэй, чихний омог доод хэсгээрээ өргөссөн бөгөөд гадагш нугаларсан, чихний цэцэг суурь хэсгээрээ их өргөн, бие богино, их өтгөн үстэй. Нурууны үс хар хүрэн, хэвэл цайвар хүрэн, хоолойн хэсэг цайвар шаргал зүстэй. Нэг популяцид хүртэл нурууны зүс бараан хүрнээс хар хүрэн, улаан өнгөтэй, цайвар сортой, буурал бага зэрэг өөрчлөгддөг. Тагнайн атираа 8-9, эмэгчин нэг хос хөхтэй.

Тархац, байршил нутаг: Оросын Өмнөд Сибирь ба алс Дорнод, Хятадын төв болон дорно хэсэг, Тайван, Япон, Солонгосын хойг хэсэгт тархжээ. Дэлхийн тархацын хамгийн баруун зах нь Монголд байдаг Зүүн Азийн уугуул сарьсан далавчтаны ховор төлөөлөгч. Чойбалсан хотын орчим Хэрлэн голын татам, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан орчмын нутаг, Халтарын говь, Буйр нуур, Халх голын сав, Сүхбаатар аймгийн Молцог элсний орчим, Дорноговь аймгийн Их нарт, Төв аймгийн Эрдэнэсант уул, Дорнод аймгийн Матад сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Өнөдэлгэр сум, Дорноговь аймгийн Сулинхээр, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тарган Ухаагийн хилийн застав, Дашбалбар сумын Чух нуур зэрэгт тэмдэглэгдсэн бөгөөд Монгол орны зүүн, төв хэсгээр өргөн тархсан боловч ховор тохиолдоно. Манай орны амьтны газарзүйн баруун Хянганы тойрог, Монгол дагуурын хээрийн тойрог, Хэнтийн тойрог, хойд говийн тойргуудын далайн түвшнээс дээш 534-1379 метр өндөртэй тал хээр, цөлөрхөг хээрийн бүсүүдэд тархан амьдарна.

Амьдралын онцлог: Тал хээрийн бүсэд нуур, цөөрөм, булаг, шандны ойролцоох байшин, барилгын дээврийн хөндий, гүүр, өвөлжөө, саравч, хад, асга, чулууны завсар хөндийд голдуу үүрлэж амьдардаг. Зүүн зүгийн хүн амын суурьшил багатай өргөн уудам задгай тал нутагт цэргийн орон сууцны байшин зэрэгт олноороо үүрлэдэг. Дорнын сармаахайн эмэгчин хавар 5 дугаар сарын дундуур хаврын нүүдэл хийн зуны байшиндаа ирж 50-100 орчим тоотой заримдаа 1000 орчим тоогоор төрмөл үүсгэн 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхэн хүртэл хугацаанд эмэгчин сармаахай 2 зулзага төрүүлж нэг сар орчим хөхүүлдэг. Дорнын сармаахай буурал сармаахайтай хамтаар төрмөл үүсгэх тохиолдол ч байдаг. Энэ хугацаанд эр сармаахайнууд ганц нэгээр буюу цөөн тоогоор нийлж тусдаа амьдардаг. Эр сармаахайнууд зуны байрандаа эмэгчнээс хожуу ирэх бөгөөд 8 дугаар сарын эхээр нийлж сүрэглэнэ. Шинэ төрсөн зулзага 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхээр нисэж эхэлдэг. Өвөлжих байрандаа 9 дүгээр сарын сүүлээр ирнэ. Дорнын сармаахай харуй бүрий болоход нисэж эхэлдэг бөгөөд задгай уудам орон зайд өндөрт нисэн ангуучилж эрвээхий, цох, шумуул зэрэг шавжаар хооллодог.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тархац, популяцийн тоо толгойн өөрчлөлт хандлагын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа боловч хүний буруутай үйл ажиллагааны улмаас олноор нь алж устгаж байгаа тохиолдол цөөнгүй байна. Байгаль, цаг уурын хүнд ширүүн нөхцлөөс болж өвлийн улиралд олноороо хорогдож тоо толгой буурдаг. Дорнын сармаахай хүний суурьшил даган байшин, барилга, өвөлжөө саравчинд орогнон үүрлэдгээс гэрийн мууранд бариулах, дуу чимээ, ялгадас, паразит зэргээс төвөгшөөх, малын өтөг бууцаар утах явдал байсаар байна. Үүрлэн амьдрах орчин хомс, нэг дор олноороо үүрлэн амьдардаг учир бөөнөөрөө эрсдэлд орох магадлал өндөр байдаг. Уул уурхайн үйл ажиллагаа, барилга байгууламжийг эвдэх, зам гүүрийг сэргээн засах, гал түймэр, химийн хорт бодис зэрэг санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас өртөн хомсдох аюулд байдаг.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэгдсэн. Монгол улсын Улаан номонд хязгаарлагдмал тархацтай ховор зүйл хэмээн бүртгэсэн. Тархац нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтанд хамруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Xуурай хээрийн бүсийн булаг шандыг хүний шууд болон дам сөрөг нөлөөллөөс хамгаалах, байнга болон түр олноороо цуглан амьдрах орчныг илрүүлэн хамгаалах, алж устгахгүй байх, экологи, биологийн судалгааг нарийвчлан хийж, хүнд үзүүлэх нөлөө, өвөлжилт, улирлын нүүдэл, тархац нөөцийг судалж тогтоон, хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх. Үүрлэх орчин ховор тал хээрийн бүсэд айлын байшин, өвөлжөө, саравчинд үүрлэн амьдрах нь элбэг байх тул тал нутгийн иргэдэд ашиг тусыг ойлгуулан хиймэл үүр барьж өгөх зэрэг арга хэмжээ авах.

1 comment :

  1. Tuberian | Titanium Art Print | Titanium Art Print - The
    In addition to a range of fine detailing tools including wooden handles and t fal titanium iron, this style of infiniti pro rainbow titanium flat iron art piece has a titanium plate flat irons lot titanium nitride coating of titanium automatic watch history, including

    ReplyDelete

Хөгжүүлсэн:Батзаяа | - |