Sunday, August 17, 2014

1. Хөхтөн
1.5. Говийн Еврази шилүүс

Баг: Мах идэштэн

Овог: Мийнхэн

Статус: Ховор зүйл

Таних шинж: Биеийн урт 106 см, сүүлний урт 24 см, чихний урт 9.9 см, биеийн жин 21.6 кг. 8-р сарын сүүлээр эр ногуул 7.5 кг орчим жинтэй болно. Эмэгчин биеэр арай бага. Бусад зүйл шилүүснээс биеэр том, мөч урт, зэгзгэрдүү, тавхай том. Бор саарлаас шаргалдуу зүстэй. Чихний үзүүрт урт шовх хар өнгийн цацаг үстэй. Сүүл богино, үзүүр нь хар.

Тархац, байршил нутаг: Норвеги, Швейцариас Төвдийн өндөрлөг хүртэл өргөн уудам нутагт тархсан байдаг. Евразийн шилүүсний зүйлд хамаарах боловч хязгаарлагдмал тархацтай. XIX зууны сүүлчээр Алтайн өмнөх говьд шилүүс байгаа тухай болон Атас ууланд харсан гэсэн мэдээлэл байна. Өмнөговь, Алтайн өвөр говийн хад чулуутай нүцгэн, намхан уулс, толгодоор байршиж, тэдгээрийн хоорондох хөндийг гатлан гөрөөлнө. 1950-иад онд А.Г.Банников Тостоос Атас хүртэлх бүх уулсаар шилүүс ердийн тархацтай гэж тэмдэглэсэн байв. Говийн их дархан цаазат газрын А хэсэг, түүний хил залгаа нутагт 1981-1987 онд говийн шилүүсний бие, мөр үзсэн, агнасан, амьтан барьж идсэн сэг зэм олдсон гэсэн нийт 44 цэг тэмдэглэж, Алтайн өмнөх говьд шилүүс ихэнх уулс, аараг толгод, бэлийн сайр садарга, бут сөөгт тал, уулсын хоорондох хотгор хоолой говьд тааралдана.
Амьдралын онцлог: Баянбүрд, задгай ус, булаг шандын хавьд бараг байнга нутаглаж зулзагалж, бүл 2-3 толгойгоор үзэгддэг. Ихэвчлэн шөнийн идэвхтэй ч эзгүй говь, цөлд өдөр ангуучлан явах нь тохиолдоно. Говийн шилүүс голдуу 2-3-аараа нийлж ан хийнэ, туршлагатай хашир нь эхэлж довтолно. Хар сүүлт, зээр, бөхөн, аргаль хонь, янгир ямаа, туулай, хахилаг, ногтруугаар хооллож, тэдгээрийн байршлыг дагаж нутаглана. Хар сүүлт зээрийн усанд ирэх жим дээр отож, эсвэл идээшилж байхад нь сайх, бут, бартаа даган мярааж, ойртоод гэнэт үсрэн дайрч барина. Жижиг мэрэгчид иднэ. Гэрийн ямаа олонтаа барих, нялх ботго, муур, тугал идсэн тохиолдол бүртгэгдсэн. Ороо хөөцөө 2-3 сард болж, дунджаар 69 хоног хээлээ тээж, ихэвчлэн 2 ногуул төрүүлнэ. Говийн шилүүс 7 дугаар сарын 20 орчмоос үүрнээс холдож ногуулаа дагуулан бүл сүргээр явж, ан авд сургаж эхэлнэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Нутгийн иргэд хавх, буугаар олонтаа агнана, ялангуяа гэрийн мал, ямаа идсэн бол мөх хөөж заавал агнахыг хичээнэ. Монгол Алтайн нурууны өвөр бэл Баянбулаг хавийн 600 км2 талбайд 10 сар хүртэл 9 шилүүс агнасан байжээ. Гантай жил зээр, гөрөөс, ногтруу алс нүүдэллэж, туулай ховордоход идэш эрж, арзгар хад чулуу, хайргат говиор тэнэсэн шилүүсний тавхай хагарч урагдан цус алдаж, үхэж хорогддог тохиолдол бий. Устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар, Ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэв.

Хамгаалах арга хэмжээ: Говийн шилүүсний тархац, тоо толгой, экологи, биологийн онцлогийг судлан тогтоох, тархац нутгийг тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд нэмж хамруулах, хамгаалалтыг сайжруулах, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой үүсч болзошгүй амьдрах орчин доройтохоос сэргийлэх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах, удмын санг хадгалах.


0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |