Saturday, August 23, 2014

1. Хөхтөн
1.12. Мазаалай баавгай

Баг: Мах идэштэн

Овог: Баавгайнхан

Статус: Нэн ховор, үлдвэр зүйл. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” гэж үнэлэгдсэн. 



Таних шинж: Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай ойролцоо боловч биеэр бага. Цагаан Богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ. Шар хулсны нурууны Хөшөөтийн булагт хавар амьдаар барьсан шармаахайн биеийн урт 167 см, сэрвээний өндөр 79 см, биеийн жин 138 кг байжээ. Зуны зүс жигд хүрэн бор, хавар, өвөл хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдгөөс доош хэсэг болон хүзүү их биеэсээ бараавтар. Хүзүү, далны шонтон хэсэгт цагаан цайвар толботой, зарим бодгальд ялангуяа эвш, залуу амьтдад ажиглагддаггүй. Зүс нь нас хүйснээс хамааран өөрчлөгддөг. Хумс цайвар өнгөтэй, шулуундуу, мохоо, бүдүүн богинохон. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.

Тархац, байршил нутаг: 1930-аад онд Алтайн өвөр говийн баруунаа Аж богдын зүүн үзүүр, зүүнээ Тост, Нэмэгт уул, хойшоо Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Эдрэнгийн нуруу, өмнө уулсын хил хүртэлх нутагт тархаж байв. Зүүнээ Цагаан богд, баруунаа Баруун тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархацынхаа тэн хагасаас бага нутагт Сэгс цагаан богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас, Ингэс уулын хавиар байршина. Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Өлзий бэлгих, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй. Зүүнээ Тост уул, баруунаа Майхан булаг, Хар хайрхан, хойшоо Эдрэнгийн нуруу хүртэл тохиолдлоор үзэгдэнэ. Тархац нутаг 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж, 18.000 ам км нутагт байршиж байна.

Амьдралын онцлог: 11-3 дугаар сард хадны агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур, нүх, хэвтэр засан ичээлнэ. Зун задгай усны ойролцоо нутаглана. Эвш жил өнжин төллөнө. Зун отолно. Эвш хавар эрт 2-3 сард ичээндээ 1, ихэвчлэн ихэр аламцаг төрүүлнэ. Ургамал голлон иднэ. Зун зээргэнэ, хармагийн жимс, хавар намар божууны үндэс, зэгс, махирс, сухай, хялгана, хөмүүл зэрэг ургамлаар хооллоно. Амьтны зүйлээс тураг, амьтны сэг, туулай, шишүүхэй, чичүүл зэрэг мэрэгчид, гүрвэл, шувуу, шавж зэргээр идэшлэнэ. Голдуу шөнө хоол тэжээлээ олно. Тэжээл ховортойд нэгнийгээ барьж иддэг. Мазаалайн идэш тэжээлд 33 зүйлийн ургамал, 18 зүйл амьтны гаралтай хоол тэжээл улирлын онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг.

Тоо толгой, хомсдох шалтгаан: 1960-аад онд 15-20 толгой, 1970-аад оны дундуур 20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30, 1980-аад оны сүүлчээр 50-60, 1990-ээд оны эхээр 30 гаруй толгой байжээ. Автомат камер болон генотип судалгаагаар 22-31 толгой байгааг тогтоосон. Жил жилийн их хэлбэлзэлтэй, хэт их хуурай, эрс тэс уур амьсгал, ус, тэжээлийн байнгын гачаалтай байдал үхэж хорогдох, тоо толгой үржил хөгжлийг нь хязгаарлах хүчин зүйл болдог. Аялагчид тохиолдлоор хөнөөх, нялх аламцаг барих зэргээр хороодог. Түүнчлэн хоргодож үүрлэх, ичээлэх орчны хулс, бутан шугуй ширэнгийг хадах, хүн мал суурьших зэргээр хэвийн амьдралыг өөрчлөх, үргээж дайжуулна. Ус, тэжээл хүрэлцэхгүйгээс нутаг, тэжээлээ булаалдах, нэгнийгээ барих явдал байдаг. Алт зэрэг ашигт малтмалыг мазаалай баавгайн тархац нутгийн хүрээнд хууль бусаар хайх, олборлох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Устах аюулд орсон амьтан.

Хамгаалсан байдал: Мазаалай баавгайг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, улмаар амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, үндсэн байршил нутгийг Говийн их дархан цаазат газарт хамруулав. Монгол улсын Улаан номонд оруулсан. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэгдсэн. 2013 оноос БОНХЯ-наас санаачлан тусгай ажлын хэсэг байгуулж, экологи биологийн судалгааны ажлыг өргөжүүлэх, амьдрах орчныг хамгаалж, нөхөн сэргээх, биотехнологийн арга хэмжээг тогтмолжуулах зэрэг цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хамгаалах арга хэмжээ: Баянбүрд, булаг шандын бут сөөг,зэгс хулсан ширэнгийг цөлжилт, хуурайшилт, хүний зохисгүй нөлөөллөөс хамгаалж, нөхөн сэргээх, ус хүрэлцэхээргүй нутагт задгай ус гаргах, нэмэлт тэжээлийн цэг олшруулах, тэжээлийн байнгын нөөцийг бий болгох, хавар хээлтэй үед чанартай тэжээл өгөх, урьд байсан зарим нутагт сэргээн нутагшуулах. Мазаалайн биологи, экологи, генетик онцлогийг судалж, хамгаалах оновчтой арга, төсөл боловсруулж хэрэгжүүлэх, мазаалайн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төр, мэргэжлийн төрөлжсөн хүрээлэн, төрийн бус байгууллагын түншлэлийг сайжруулах, удмын санг хадгалах.

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |