Wednesday, August 27, 2014

ХУЛАН АДУУ
Хулан хавар, намар зэгэл сааралдуу, зун, өвөл цагаан өнгөтэй болдог Монголчууд “Хулангийн унага босоо төрдөг”, “Гэрийн адуу хулантай үржилд орсноор хурдтай унага төр­дөг” гэхчлэн үлгэр домог шиг олон зүйл ярьдаг.
Ховордсон ургамал, амьтныг бүртгэх дэлхийн анхны улаан номд манай орноос бүртгэгдсэн гурван амьтны нэг хулан гэх зэрлэг адууны талаар судалгаа, шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг танд сонирхуулъё. Энэ удаагийн буланг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Б.Лхагвасүрэнтэй хамтран бэлтгэлээ. Хулан адуу XIII зуунд төв Азийн ихэнх хэсэгт амьдарч байсан ч эдүгээ дэлхий даяар нэн ховорджээ. Одоогоор дэлхий дээрх нийт хулангийн 80 хувь нь Монголын говь нутагт байна гэж судлаачид үздэг. Монгол хулангийн тоо толгой 1990-ээд оноос эрс буурсан талаар албан ёсны судалгааны дүн бий. Тодруулбал, 1994-1997 онд Монголд 63 мянган толгой хулан байжээ. 2003 онд хийсэн судалгаагаар энэ тоо 20 мянга болж буурсан нь тогтоогдсон байна. Энэтхэгийн хулан XX зууны дунд үе хүртэл тус улсын баруун хойд хэсэг, Пакистан, баруун тийш Сири хүрч Төв Азийн ихэнх нутагт тархжээ, 1960-ээд оны эцсээс Энэтхэгийн Гужарат муж, Пакистанд цөөн тоогоор үлджээ. Чантуу хулан Йордан, Изриальд маш цөөхөн бий. Хасаг хулан сүүлийн таван жил үргэлжилсэн хууль бус агнуурын улмаас тоо толгой нь эрс буурч, Туркмены Бадхызынд цөөн үлджээ. Монгол хулан Хятад, Монголын говь цөлийн бүсэд тархжээ. Хятадын хулан үндсэндээ устаж, Монголоос хил даван очсон хулан хааяа үзэгддэг байна. Монгол орны Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөр­хангай, Дундговийн урд хэсэгт хулан байнга нутагладаг бөгөөд Дорноговь, Сүхбаатар аймагт хааяа үзэгддэг аж. Эрдэмтэн Паллас 1775 онд одоогийн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт анх судалгаа хийж шинжлэх ухаанд хулангийн талаар тэмдэглэсэн гэдэг. Хулан лагс том биетэй, бүдүүвтэр урт хөлтэй. Чихний хоорондуур шилэн хүзүүгээр дамжиж сэрвээ хүртэл урт босоо, бараан хялгасан дэлтэй. Сэрвээнээс сүүлний уг хүртэл зоон дээгүүр тууш, тод, нарийн, бараан хүрэн судалтай. Чихний торгон үзүүрийн доторх ирмэгийн үс нь бараан. Зөвхөн урд хөлийн дотор талд өвдөгний үеэс дээхнэ эвэрлэг товхтой. Шилбэ нь цайвар. Сүүлний хагасаас бага үзүүр хэсэг хүртэл урт ширүүн бараан хялгастай. Хул зүстэй, суга, цавь нь цайвар өнгөтэй. Өнгө зүс, галбирын хувьд хүйсний ялгаа бараг үгүй. Азарга нь гүүнээс биеэр үл мэдэг том. Биеийн урт 200-220 см. Дунджаар 180-260 кг жинтэй. Монгол хулангийн идэш тэжээлийн зүйлийн бүрдлийг улирлаар нарийн тогтоосон судалгаа өнөө хэр хийгдээгүй аж. Оросын эрдэмтэн Банников 1954 болон 1981 онд хийсэн судалгааныхаа дүнд монгол хулан 12-15 зүйл ургамлаар хооллодог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тухайлбал, зун, намрын эхээр говийн хялгана, сайрны хялгана, таана, хиаг, сарвуун сонгино зэрэг шүүслэг өвслөг, үет ургамлаар хооллодог байна. Харин ган гачигтай үед бажуун, бударгана, гоолиг бадаргана, хотир зэрэг бутлаг, модлог ургам­лаар хооллодог аж. Ингэхдээ бутлаг ургамлын үндсийг туруугаараа ухаж илүү тэжээллэг хэсэг буюу үндсийг нь гаргаж идэх нь хааяа тохиолдоно. Мөн хөрсөнд 60 см гүн нүх гаргаж, ус чийг гаргах нь элбэг. Өвлийн улиралд бол цас долоодог байна. Хулан ихэвчлэн үдээс хойш эсвэл өглөө эрт задгай усанд ирнэ. Усанд ойр айл байсан ч ус уухаар ирдэг ба 100 метрт хүн, машин ойртоход үр­­­гэж дайждаг аж. Хулан булаг шанд, цөөрмийн усанд малтай зэрэгцэн ундаалж чаддаг. Хулан хэд насалдаг талаар баттай тогтоосон судалгаа байх­гүй. Гэвч зарим судлаач дунджаар 25 нас хүрдэг талаар дурджээ. Хоёроос таван гүү сүрэг үүсгэн унагатайгаа хамт жилийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг байна. Гүү голдуу гурван настайдаа анх үржилд ордог гэдэгт суд­лаачид санал нэгджээ. Монгол хулан голцуу харуй бүрий, шөнийн цагаар унагал­даг гэсэн аман мэ­дээ байдаг. Гүү ихэвчлэн 14, цөөн тохиол­долд 15 нас хүрт­лээ унагалдаг гэнэ. Ороо нь ихэвчлэн зургаагаас есдүгээр сард ордог байна. Хээл тээх хугацаа нь ойролцоогоор 340-350 хоног. Унага төрсний дараа хэдхэн цагийн дараа хөл дээрээ босон эхийгээ дагах ба гүү унаганы хамтаар 2-3 хоногийн дараа сүрэгтэйгээ эргэн нийлнэ. Унагаа 330-390 хоног хөхүүлдэг учир дараа жил нь үржилд орохгүй байх тохиолдол элбэг. Говьд нутаглаж буй хулан голдуу тавдугаар сарын дунд үеэс зургадугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд унагалдаг аж. Цөөн тохиолдолд долдугаар сарын сүүлчээр унагална. Хулангийн азарга 9-10 нас хүртлээ сүрэг хураах чадвартай байдаг. Үүний дараа илүү хүчтэй, залуу азарганд хөөгддөг аж. Хулангийн хараа, сонсгол маш сайн хөгжсөн. Азарга 50-130 см орчим диаметртэй, 15-20 см гүн нүх нухаж, хомоолоо түүн дотор үлдээнэ. Гүү үүнийг ирж үнэрлээд хомоолоо дээр нь нэмж овоолдог байна. Хулангийн сүргийн байршил зуны улиралд ус, бэлчээр, өвөл задгай ус, цаснаас шалтгаалдаг. Зуны цагт усны ойролцоо 10-15 км-т бэлчинэ. Усгүйгээр 2-3 хоног л амьдрах чадвартай болохыг судлаачид тогтоожээ. Унд, өвс тэжээлийн тархацаас шалтгаалан нутаг сэлгэн амьдардаг аж. Ихэнх тууртны тоо толгойг байгалийн зүгээс зохицуулдаг нэг дайсан нь саарал чоно. Малчид, сайн анчдын ярианаас үзэ­хэд хулангийн сүрэгт саарал чононоос хамгаалах нарийн зохилдлого бий гэнэ. Сул дорой, хөгшин болон унагаа голдоо хийж, хүч чадалтай хулангууд нь тэднийгээ тойрон хүрээлж, чонын сүргээс хамгаалдаг байна. Үүнийг говийнхон хулангийн гацаа гэдэг. Монгол хулангийн талаар 1770 оноос эхлэн манай оронд ирсэн жуулчин, байгаль судлаач нар тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, 1929 онд монголч эрдэмтэн О.Латимор “Хулангийн мах дээд зэргийн үхрийн махыг санагдуулам. Хуурай, том ширхэгтэй, гайхамшигтай амттай. Монголчууд болон хятадууд бусад төрлийн ангийн махнаас өндөр үнэлж, халиун бугын махтай дүйцүүлдэг” гэж бичжээ. Энэ нь хулангийн тоо толгойг хорогдуулах шалтгааны нэг болсон гэдэг. 1953 оноос хуланг агнахыг хуулиар хориглож, дархан цаазтай болгожээ. 1995 онд Монгол Улсын ховор амьтны жагсаалт, 1997 онд “Монгол Улсын улаан ном”-д оруулж, 1999 онд хулангийн сүргийн дийлэнх нь суурьшдаг говийн Бага дархан газар, Загийн ус зэргийг улсын тусгай хамгаалалтад авсан. Мөн 2002 онд Нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенцид бүртгэсэн байна. Цаг улирлаас шалтгаалж хулангийн зүс өөрчлөгддөг талаар малчид, анчид ярьдаг. Тухайлбал, хавар, намар оройн цагаар зэгэл сааралдуу, зун, өвөл бол цавиараа цагаан, дэл нь хардуу, нуруугаа дагасан хар голтой болдог байна. Цагаан цавын борзонгийн уурхайн ойролцоох жалганд хэдэн хулан орж гараад байгааг нутгийнхан анзаарчээ. Нэгэн сониуч эр тэднийг гарсных нь дараа очиж сонирхвол борзонг мөлүү болтол нь мэрчихсэн байсан гэдэг. Борзон хордлого тайлдаг, витамины дутагдлыг нөхдөг гэдэг. Хулангийн та­лаар бас нэгэн сонин зүйл энд дурдъя. Хэдэн жилийн өмнө онго­цоор хулан тоолсон хүмүүс хулангийн нүүсэн замыг дээрээс харахад улаан зураа татчихсан байсан хэмээн ярьжээ. Судлаачид хулангийн бүртгэлийг хийхдээ 30-50 метрийн зайнаас унтуулах сумаар буудаж, барьдаг аж. Суманд оногдсон хулан газар унадаггүй, босоогоор зогсчихдог учир судалгааны багийнхан өөрсдөө газар унагаж, хүзүүвч зүүдэг байна. Тэд хуланг мэдээ оруулахын тулд 200 мг налтрексоныг 20 мг антипамазолтой хольж судсаар нь тарьдаг гэнэ. Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны ба нийгмийн хөгжлийн нэгжийн судал­гааны ангийнхан 2006 онд Монголд хийсэн судалгааныхаа үеэр барьсан хуландаа GPS/ARGOS2 хэмээх хүзүүвч зүүжээ. Энэ нь до­лоон цаг тутамд байршил тогтоож, өдөр бүр мэдээлэл дамжуулахаар программчилсан хүзүүвч аж. Тэд 19 сарын турш мэдээлэл дам­жуулах ёстой гэж төлөвлөжээ. Амьтдын аюулгүй байдлыг хангах, мөн хүзүүвчийг буцааж авах зорилгоор бүх хүзүүвчинд урьд­чилан программчилсан мултлах төхөөрөмж хийжээ. Энэ судалгаагаар төмөр зам болон хи­лийн хаалт хулангийн нүүдэлд томоохон саад бол­дог болохыг тогтоожээ. Хулан ган­цаар зуны улиралд их хэмжээний газраар хэ­рэн явж, намар нь өмнө зүг рүү чиглэн идээшил­дэг байна. Ингэхдээ найман сарын хугацаанд 43 хавт­гай дөрвөлжин км замыг туулжээ.

0 Сэтгэгдэл :

Post a Comment

Хөгжүүлсэн:Батзаяа | - |