Сонор чихт Соотон гуйванга
Хаврын урь орж, нүүдлийн шувууд ирэхийг тэсэн ядан хүлээсэн бидний хэдэн нөхөд ойрмогхон Өмнийн говийг зорилоо. Даланзадгадад нэг андындаа тухтай хоноглоод өглөөний цай ууж, өнөө л жигүүртнээ хэлцэх зуур, цонхоор нүд бэлчээсэн нэг маань “Тэнд шувуу...” гээд цонх руу заахад, судлаач залуу нөхөр маань “Соотон гуйванга нисч байна” гэв. Бид ч айлын өрөө тойрон гүйлдэж, цонхоор тэр шувууны суух газрыг багцаалж аваад олон үггүй ухасхийлээ. Хоёрхон гудмын хойхно, айлын таримал модны сүүдэр, навчны дунд энэ шувуу биеэ далдлан суусан байв.
Тэрбээр айлын хашааны дээгүүр өлийгөөд зураг яаравчлан авах биднийг тод шар ягаан нүдээрээ анхааралтайяа ширтээд, хөдлөлгүй суух бөгөөд зөвхөн толгойны туг өд нь соотогноно. Уулийн овгийн энэ шувууг Соотон гуйванга (Asio otus) хэмээн нэрийдсэн нь тэрхүү босоо туг өдийг чих хэмээн ташаарсантай холбоотой гэнэ. Тэр нь чих бус, модны босоо мөчир лугаа биеэ далдлах өвөрмөц зохицол юмсанж. Бусад ууль, шар шувууны нэгэн адил, дууны долгион хүлээн авч өсгөх “таваг” нь болсон дугуй, хавтгай нүүртэй, хоёр шанаанд нь, өөр өөр түвшинд байрлах чихтэй Соотон гуйванга тээр дор газрын хөрсөн дээр идээшлэх мэрэгчдийн хөлийн чимээний тэр бага дуу авиаг алдалгүй сонордох хосгүй чадварынхаа хүчинд шөнийн түнэр харанхуйд оготно хулгана зэргийг төвөггүй ангуучлан амьдардаг. Манай орны нэгэн сонин шувуутай суурин газар, өдрийн гэрэлд таарсан нь шувуу ажиглагч бид нарт азтай, сонин тохиолдол байлаа.

0 Сэтгэгдэл :
Post a Comment